2024, 5-р сар 20, Даваа гариг Шилэн данс

Тогтворгүйн гурвалжин ба Монгол

2011 оны 1-р сар 11, Мягмар гариг


-Валютын довтолгоонд бэлэн үү?-

          Тусгаар тогтносон ихэнх улс үндэсний мөнгөн тэмдэгттэй бөгөөд энэ нь төлбөр тооцооны хэрэгсэл болохоос гадна өртгийг хадгалах гэсэн үндсэн үүргийг гүйцэтгэж иржээ. Гэхдээ гаднын болоод дотоодын арилжааны довтолгооноос хэрхэн хамгаалагдсанаас үндэсний мөнгөн тэмдэгт үүргээ найдвартай биелүүлэх эсэх нь хамаарна.

Валютын хямрал үүсгэгч гурвал хүчин зүйл

          1997 онд Азийн зарим орон валютын хямралд автаж, эдийн засаг нь уналтад орж байсан билээ. Эдгээр улсын ихэнх нь үндэсний мөнгөн тэмдэгтээ америк доллартай чанга гэгч нь уяж орхисон байж. Өөрөөр хэлбэл, тухайн улсын мөнгөн тэмдэгтийн гадаад үнэ цэнэ болох гадаад валюттай харьцах ханш нь хатуу буюу “тогтмол” байсан гэсэн үг. Тэр үед “Зүүн өмнөд Азийн гайхамшгийн нууц”-аа эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн нээлттэй байдалтай холбон тайлбарлаж байв.

          Харьцангуй бие даасан Төвбанктай, үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад ханш нь тогтвортой, дэлхийн зах зээлд нээлттэй эдгээр “Бар орон” яагаад хямрав, ямар тахилыг нь буруу өрчихсөн юм бол. Эдийн засагчид эрэл хайгуул хийсний эцэст энэхүү асуултын хариултыг мөнгө-валютын онолын энгийн нэгэн загвараас олсон гэдэг. Уг загварыг “Тогтворгүйн гурвалжин” гэх бөгөөд валютын хатуу ханш, мөнгөний бие даасан бодлого, капитал (хөрөнгө-санхүү) –ын чөлөөт урсгал гэсэн гурван хүчин зүйл нь тогтвортойгоор зэрэгцэн орших тавилангүй гэсэн утгыг илэрхийлж буй юм.

          Тогтворгүйн гурвалжины загвараар зарим нэг үзэгдлийг тун хялбархан ойлгож болно. Жишээ татъя. Капиталын урсгал чөлөөтэй Тайландад богино хугацаатай, их хэмжээний мөнгө гадаадаас орж ирлээ. Түүнийг урт хугацаатай төсөлд оруулчихсан байв. Гэтэл валютын довтолгооны сургаар гаднын хөрөнгө оруулагчид бүх мөнгөө эргүүлэн татахад хүрвэл яах вэ? Ийм тохиолдолд ямар ч санхүүгийн байгууллага мөнгөний хомсдолд орж, Төвбанкнаасаа тусламж гуйхад хүрнэ. Үүний “үр дүн”-д нь их хэмжээний валют гадагшаа урсах бөгөөд тухайн улсын мөнгөн тэмдэгтийн ханш унаж үндэсний мөнгөн тэмдэгтдээ итгэх итгэл алдарах болно. Ханш унана гэсэн хүлээлт бий болоход гаднын дамчид богино хугацаанд их ашиг олохоор довтолно. Ингэснээр Тайландын үндэсний мөнгө үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, инфляци гааран, банкууд дахь хадгаламж, зээлийн эргэлт бүрэн царцана. Үүнийг валютын хямрал санхүүгийн хямрал болж хувирах гэх бөгөөд улмаар эдийн засгийн хямрал болж даамжрахаас өмнө Олон улсын валютын сангаас аврал эрэн зээл гуйхаас өөр аргагүй нөхцөл рүү түлхэнэ.

Хямралаас зайлсхийх сонголтууд

         Ихэнх орон энэхүү гурвалжины аль нэг өнцгийг өөр боломжоор сольсон сонголт хийх замаар тогтолцоогоо бүрдүүлдэг байна. Тухайлбал, валютын хатуу ханштай, бие даасан мөнгөний бодлоготой БНХАУ яагаад Азийн хямралд өртсөнгүй вэ? Мөнгө-санхүүгийн орох гарах урсгал нь чанд хяналт дор явагддаг буюу капиталын урсгал нь зохицуулалттай байдагаас тэр юм.

          ХБНГУ мөнгө-хөрөнгийн гадагш, дотогш чиглэсэн урсгалыг хөхиүлэн дэмжихийн зэрэгцээ худалдааны гол түнш орон болох Франц зэрэг евро бүсийн орнуудтай нэг мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийж байна. Евро бүсийн орнууд үндэсний мөнгөн тэмдэгтээсээ бүрэн татгалзаж, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болсон нь валютын ханшийн хамгийн хатуу тогтолцоо юм. Герман, Франц улс нэг мөнгөн тэмдэгтээр хоорондоо худалдаа, хөрөнгө оруулалт хийх болсноор аль аль талдаа ханшийн эрсдэл бууран, итгэлцэл үүсэж, улмаар худалдаа болон ажлын байр нэмэгдэх нэг суурь нөхцөл хангагдсан байна. Хэрэв Герман улс хөрөнгө-санхүүгийн чөлөөт урсгал, хатуу валютын тогтолцоотой хэрнээ бие даасан мөнгөний бодлого явуулах эрх бүхий Төвбанктай бол яах байсан бэ? Азийн хямралтай төстэй байдалд орох магадлалтай. Урьд нь ч ийм хямралд автаж байсан түүх тэдэнд бий. Ийм учраас Холбооны Төвбанк нь мөнгөний бодлогын эрх, үүргээ Европын Төвбанкинд сайн дураараа шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ХБНГУ-д бие даасан мөнгөний бодлогын эрх мэдэл хязгаарлагдмал гэсэн үг.

          Харин АНУ, Их Британи зэрэг том орон мөнгөний бие даасан бодлогоо хадгалж иржээ. Тэдгээр улс капиталын чөлөөт урсгалтай, тиймдээ ч чөлөөтэй хөвөгч ханшийн тогтолцоог сонгож авсан байдаг. Зах зээл нь ханшаа тодорхойлж байдгаас гадна Төвбанк нь нэр хүндтэй, нөөц сайтай эдгээр орны валютыг довтлох нь төдийлөн оновчтой хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл, тэд тогтворгүйн гурвалжины “валютын хатуу ханш” гэсэн өнцгөөс зайлсхийх сонголт хийжээ.

Тогтворгүйн гурвалжины загварыг ашиглан улс орнуудын мөнгө-валютын тогтолцоог доорх хүснэгтээр харуулав.

валютын хатуу ханш

мөнгөний бие даасан бодлого

капиталын чөлөөт урсгал

валютын хямрал1

хямралаас сэргийлж буй өөр сонголт2

АНУ

ҮГҮЙ

ТИЙМ

ТИЙМ

ҮГҮЙ

чөлөөт хөвөгч ханш

БНХАУ

ТИЙМ

ТИЙМ

ҮГҮЙ

ҮГҮЙ

хатуу хяналт

ХБНГУ

ТИЙМ

ҮГҮЙ

ТИЙМ

ҮГҮЙ

Европын төв банк

Тайланд (-1997)

ТИЙМ

ТИЙМ

ТИЙМ

ТИЙМ

-

1/ богино хугацаанд валютын ханш 20-иос дээш хувиар хэлбэлзэх
2/ тогтвортой гурвалжин үүсгэж буй хүчин зүйл
Энэ хүснэгт нь эдийн засгийн амьдралыг ойлгоход зориулсан хялбаршуулсан загвар гэдгийг анхаарна уу.

Нээлттэй зах зээлийн чөлөөт арилжаа ба сул тал

          Банк, санхүү, хөрөнгийн зах зээл нь бүрэн нээлттэй, орох гарах урсгалын хязгаарлалт багатай байх үед учрах нэг аюул нь гадаад валют огцом гадагшлах урсгал юм. Энэ нь богино хугацааны ашиг хайсан, ааш хувирамтгай, үргэхэд хэзээд бэлэн гаднын хөрөнгө оруулагчдын зүгээс ихэвчлэн гардаг.

          Түүнчлэн аливаа орны Төвбанк валютын ханшаа хамгаална гэдгээ ил тод зарлавал гаднын том гарын ченжүүдэд довтолгоогоо эхлүүлэх сайхан боломж бүрдэнэ. Том гарын ченж гэдэгт бидний мэддэг Жорж Сорос мэтийн акулууд багтах ба тэд олон зуун сая доллар эргэлдүүлж, валютын арилжаанаас ашиг олж байдаг юм. Жишээ татъя. Засгийн газар төмсний үнийг тогтвортой хамгаална гэж зарлалаа. Тэгэхээр мөнгөө эргэлдүүлэх хүсэлтэй наймаачин гаднаас хямдхан төмс авчираад зах зээлд шахна. Үнийн уналтаас сэргийлэхийн тулд Засгийн газар илүүдэл төмсийг худалдаж авна..Энэ жишээг нөгөө талаас нь авч үзье. Хэрэв уг наймаачин төмсийг их хэмжээгээр худалдаж аваад “дарвал”, нийлүүлэлт эрс багасч, үнэ өсч эхэлнэ. Үнэ өснө гэх сургаар худалдан авагчид дор бүрнээ төмс нөөцөлж, зарим нэг нь муутгахгүйн тулд хил давуулж зоорилох болно. Засгийн газар төмсний үнийн өсөлтийг сааруулахын тулд нөөцөлсөн төмсөө зарж эхэлнэ. Гэвч зах зээлд оролцогчид Засгийн газарт итгэхгүй бол хэрэглэгчид төмсийг илүү өндөр үнээр худалдан авч, дараа нь зарна гэсэн итгэл үнэмшлээр нөөцөлсөөр байх болно. Зах зээлийн хуулиар бол иргэд өөрсдийн хэрэгцээнээс хэтэрсэн хэмжээний төмс “дарах” шаардлагагүй юм. Гэвч Засгийн газар хиймлээр эрэлт, нийлүүлэлт үүсгэх замаар зохиомол үнийг хамгаалсны үр дүнд нь Засгийн газар, иргэд алдагдал хүлээн, харин мэргэжлийн ченжүүд л хождог байна. Тэгэхээр аль ч улсын мөнгөн тэмдэгт дээрх төмсний адил ченжүүдийн ашиг олох бараа (таваар) болж хувирах боломжтой. Энд зөвхөн валют дамлагчдыг хараар будах гэсэнгүй. Тэд зах зээлийн гольдирлоор бизнес эрхэлж яваа хүмүүс бөгөөд түүхий эдийн ченжүүдийн адил зах зээлд байх ёстой эрүүл үзэгдэл гэж үзэж болно. Харин аливаа улсын мөнгө-валютын бодлого нь төрийн мэдэлд байна уу, эсвэл ченжүүдийн гарт байна уу гэдэг л хамгийн чухал юм.

Зах зээлийн жамын эсрэг валютын тогтолцоо

          Монгол Улс бие даасан Төвбанктай, хөрөнгийн орох гарах урсгал харьцангуй чөлөөтэй, албан ёсоор бол хөвөх ханштай. 2008 оны намар хүртэл Монгол Улс (Монголбанк) ханшийн тогтолцоогоо “харьцангуй чөлөөтэй хөвдөг” хэмээн Олон улсын валютын санд бүртгүүлж байсан юм. Гэвч 2000 оноос хойш валютын интервенц тогтмол хийх замаар ханшийг барьж байв. Аман дээрээ “чөлөөтэй” гэх боловч ачир дээрээ ханшийн “хатуу” бодлогыг хэрэгжүүлж байсан хэрэг. Ялангуяа 2006-2008 онд ханшийн хатуу тогтолцоотой орноос дутахгүйгээр интервенц хийж, төгрөгийн ханшийг хүчээр хамгаалж байснаас нь үзвэл мөнгө-валютын тогтолцоо маань тогтворгүйн гурвалжин буюу хямралын урьдач нөхцөлийг бүрдүүлээд байж.

          Эрх баригчид мөнгө, сангийн тэлэх бодлогыг он дараалан зэрэгцүүлэн явуулж байснаас үнийн өсөлт тууштай нэмэгдэж төгрөгийн ханш зах зээлийн жам ёсоороо сулрах нь тодорхой байсан юм. Гэвч Монголбанк “төгрөгийн ханшийг тогтвортой барих” нэрийн дор интервенц хийж байсан нь зах зээлд оролцогч нарт төдийлөн итгэл төрүүлж чадаагүй бололтой. Харин 2008-2009 онд зэсийн үнэ унаж, төсвийн алдагдал огцом өсч, банкны секторт сандрал үүсчихсэн байсан үед Монголбанк ханшийг хамгаалах гэж интервенциэ эрчимжүүлсэн нь “шатаж буй сүрлэн овоо руу хувинтай ус цацах”-ын адил үйлдэл болсон байж мэдэх юм. Үүний үр дүнд нь 1160 орчим төгрөг байсан ам. долларын ханш албан бус захад 1700 шүргэж огцом өссөн билээ.

           Монголбанк валютын нөөцөө дундартал интервенц хийсэн боловч ханшийн хэлбэлзлийг тогтворжуулах нь бүү хэл, харин ч гааруулахад түлхэц өгсөн юм. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан төмсний жишээ шиг зах зээлийн жам ёсны эсрэг зохиомол үнийг хамгаалах гэж оролдоод ямар ч үр дүнд хүрч чадсангүй. Харин ч дотоодын үнийг хөөргөдөх, гадаад валютаар зээл авсан банкны харилцагчдын дарамтыг өсгөх гээд сөрөг нөлөө дагалдан гарч ирсэн юм.
Хэдхэн сарын дотор төгрөг огцом суларсаныг “валютын хямрал” гэж тодорхойлж болохоор байна. Яагаад ийм хямрал үүсэх болов оо гэдгийг дээр дурьдсан загварын дагуу доорх хүснэгтэд үзүүлэв.

валютын хатуу ханш

мөнгөний бие даасан бодлого

капиталын чөлөөт урсгал

валютын хямрал

хямралаас сэргийлж буй өөр сонголт

Монгол (-2008)

ТИЙМ

ТИЙМ

ТИЙМ

ТИЙМ

-

Монгол (2010-)

ҮГҮЙ?

ТИЙМ

ТИЙМ

ҮГҮЙ?

“чөлөөт” хөвөгч ханш

        Олон улсын валютын сан Азийн хямралын үеийнх шиг болзол, нөхцөл хатуухан хөтөлбөрийг манай Засгийн газартай тохирч, 220 сая орчим америк доллартай тэнцэх зээлийг увуулан цувуулан өгсөн билээ.

Хариуцлагагүйн гурвалжин буюу Монголбанк - УИХ - Сангийн яам

         Монгол Улсын Төвбанкны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд зааснаар Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилттой. Гэвч доорх зурагт үзүүлснээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төгрөгийн дотоод ханш (инфляциар илэрхийлэгдсэн) тогтворгүй байсан нь харагдана.

           “Хэн хариуцлага хүлээх вэ” гэдэг асуултад энэ хуулийн заалт ёсоор бол хариулт нь амархан байгаа юм. Мэдээж Монголбанкны үүрэг тул хариуцлагаа ч давхар хүлээх учиртай. Гэвч төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Монголбанк дээрх хариулттай санал нийлэхгүй л болов уу. Учир нь хуульд заасан “тогтвортой байдал” гэсэн ойлголт нь гадаад уу, дотоод уу гэдэг нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл, инфляци, америк доллартай харьцах ханш хоёрын аль нэг нь юм уу, эсвэл хоёулаа тогтвортой байхыг хэлээд байгаа юм уу, бүү мэд. Монголбанкны зүгээс хэлдэг өөр нэг тайлбар нь Сангийн яам төсвийн бодлогоо сул тавьж, зардлаа замбараагүй нэмдэг хэт үрэлгэн байдлаас болж үнэ өсч байна гэх. Шуудхан хэлэхэд төгрөгийн ханш тогтворгүй байгаагийн нэг буруутан нь Сангийн яам гэсэн санаа юм. Гэвч Сангийн яам “төгрөг хэвлэх эрхтэй Монголбанк мөнгөний бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байна” гэсэн хариу барина. Хэрэв энэ хоёр байгууллагын төлөөллийг нэг дор суулгаж байгаад төгрөг яагаад тогтворгүй байна, үүнд бодлого боловсруулагчдын нөлөө байна уу гэсэн асуулт тавивал хоёулаа “зүүн хойд захын хар овоохой” гэдэг шиг УИХ-ыг буруутгах болов уу. Учир нь төсвийн бодлогыг ч, мөнгөний бодлогыг ч УИХ баталж байгаа юм. Харамсалтай нь УИХ ихээхэн эрх мэдэлтэй хэрнээ мөнгө-валют, төсвийн хариуцлагыг бүрэн ухамсарлаж, даацтай хүлээж чаддаггүй юм. УИХ-ын гишүүд сайндаа л хэдэн сайд, газрын дарга нар, түүнчлэн Монголбанкны эрх мэдэлтнүүдийг телевизийн камерийн өмнө их дуугаар загнахаас цаашгүй. Гэтэл энэ асуудлын гол зангилаа нь УИХ-аас баталж буй мөнгө, төсвийн бодлого бие биенээ дэмжиж, нөхөж, хамтын зорилго тавьж чаддаггүйд байж мэднэ.

Дүрэмтэй тоглох уу, мэдрэмжинд найдах уу

          Цаашид яах вэ? Валют, санхүүгийн хямрал нь хүн ханиад хүрдгийн адил аль ч зах зээлийн эдийн засагт тохиолддог л зүйл бөгөөд хамгийн гол нь тухайн эдийн засгийн дархлааны асуудал хөндөгдөнө. Түүнчлэн эрүүл, ил тод, тунгалаг орчин шаардлагатай. Улаанбаатарын утаа ханиад томууг өөгшүүлж байгаа шиг манай бодлогын будан эдийн засгийг сульдаахад зохих үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Монгол Улсад хэн ямар бодлого хариуцаж, хэн ямар хариуцлага хүлээгээд буй нь мэдэгддэггүй гэж гаднын зарим хөрөнгө оруулагч шүүмжилдэг. Тэдний оруулсан хөрөнгө нь инфляци болон гэнэтийн ханшийн савлагаанд “идэгдэх” магадлал ихтэй. Монгол Улс нээлттэй эдийн засгийн бодлого зарлалаа ч мөнгөний үнэ цэнийн эрсдэл өндөр (төгрөг тогтворгүй) үед уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалтыг татаж чадах нь эргэлзээтэй. Хэзээ л бол хэзээ таазнаас бороо, цасны ус дусах магадлалтай рестораны эзэн хэчнээн сайхнаар инээмсэглэн зочид уриад амжилтад хүрэх нь юу л бол.

         Гаднынхан ч дүүрч гэхэд эдийн засгийн гол мотор, ажлын байрыг бүрдүүлэгч дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд ч өнөөгийн бодлогын тодорхойгүй орчин саад болсон хэвээр байгаа юм. Ялангуяа хувийн хэвшлийнхний урт хугацааны төлөвлөлтөд инфляци, ханшийн хэлбэлзэл ихээхэн саад болсоор байна. Хувийн хэвшлийнхэнд зориулж урьдчилан харах боломжтой, тогтвортой орчин бүрдүүлэх тал дээр төр засгийн зүгээс хайнга хандсаар ирсэн нь ч нууц биш. Жишээлбэл, өнөөг хүртэл Монголбанкны мөнгөний бодлогын зорилго ерөнхий, бөөрөнхий, хариуцлагаас мултрахад амар байдлаар томьёологдсон хэвээр байгаа юм. Иймэрхүү задгай маягаар томьёолсон орон бол АНУ. Тэд тодорхой нэг дүрэм мөрдөхөөс илүү тухайн зах зээлийн байдлыг урьдчилан харах мэдрэмжиндээ хэт найддаг. Гэхдээ АНУ-ын Төвбанкны нэр хүнд өндөр, хууль дүрмээ хатуу барьж, хяналт шалгалтыг өндөр түвшинд хийж чаддаг нь дээрх задгай томьёоллын сул талыг нөхөж чаддаг билээ.

         Монгол Улсын хувьд инфляци, ханш, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн өсөлтийн аль нь гол зорилт болох нь тодорхойгүй, салбарын зохицуулалт ч сул хэвээр байгаа юм. Ямар ч орны Төвбанкны үндсэн капитал нь нэр хүнд байдаг. Амлаж чаддаг, амласнаа биелүүлж чаддаг байж тэрхүү нэр хүндийг олж авдаг юм. Зарим улс нэр хүнд буюу итгэл олж авахын тулд тодорхой нэг мөнгөний бодлогын дүрмийг зарлаж, чанд мөрддөг.

        Тоглоомын дүрэм нь тодорхой орнуудын жишээнд Европын холбоо, Хонгконгийг багтааж болно. Европын холбоо нь еврогийн дотоод үнэ цэнэ буюу инфляцийг жилийн хоёр орчим хувьд барина гэсэн дүрэмтэй. Харин еврогийн гадаад ханш зах зээлийнхээ жамаар хэлбэлздэг. Хонгконг нь эсрэгээр гадаад үнэ цэнэ буюу ханшийг тогтвортой байлгахыг чухалчилдаг бөгөөд дотоод инфляцийг зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн механизмд даатгахыг илүүд үздэг.

         Харин Монгол Улс маань “гадаад, дотоод ханшийг зэрэг хамгаална” гэж ойлгогдохоор хуульд тусгасныг зоригтой алхам гэж үзэж болно. Одоохондоо гаднынхан жижиг Монгол Улсыг нэг их тоохгүй байх. Харин эдийн засаг томорч өсөхийн хэрээр бид олон улсын “анчид”-д амттайхан бай болж харагдах нь гарцаагүй. 2010 онд америк долларын эсрэг хамгийн хурдтай чангарсан валютын нэг нь яах аргагүй монгол төгрөг. Цаашид ч энэ хандлага үргэлжлэх тул дэлхийн томоохон тоглогчид Монголыг маань аль хэдийнэ овоо хараандаа онилчихсон байгаад эргэлзэх зүйл алга. Мөн евро, долларын ханш сулрах магадлал өндөр тул байгалийн бодит баялаг ихтэй Монгол орны мөнгөн тэмдэгтийг довтолгооны зориулалтаар биш юм аа гэхэд өртгөө найдвартай хадгалах хэрэгсэл маягаар авч хадгалах үйл явцыг өдөөх боломжтой. Ингэснээр монгол төгрөгийн зарим хэсэг хадгаламж болон царцаж магадгүй юм.

Валютын нөөцөө хамгаалах уу, өрсөлдөх чадвараа сайжруулах уу

           Ер нь Монголбанк валютын нөөцөө хамгаалах гээд байна уу, үндэстний өрсөлдөх чадвараа өсгөх гээд байна уу гэдгийг тодорхой болгох шаардлага байна. Ханш чангарах, сулрах нь үндэстний эдийн засгийн бодит салбаруудад, банк санхүүгийн системд ямар нөлөө үзүүлэхийг урьдчилан тооцож, жил бүр уг тооцооны үр дүнг ил тод шинэчилдэг тогтолцоо зайлшгүй хэрэгтэй. Жишээлбэл, төгрөг америк долларын эсрэг чангарахаар экспортын салбарын өрсөлдөх чадвар буурна гэж үздэг. Гэтэл Монгол орны нөхцөлд энэ нь бодитой байж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Жижиг үндэстний хувьд цөөн нэр төрлийн чанартай, үнийн мэдрэмж багатай, тансаг хэрэглээний бараагаар л бид дэлхийтэй өрсөлдөж таарна. Мөн аялал жуулчлалын салбарт өсөх ирээдүй бий.

          Банкууд хүчирхэгжээд ирвэл бүс нутагтаа хадгаламжийн төв болон өргөжих боломж бүрдэнэ. Учир нь, тогтвортой, чанга төгрөг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломжийг өсгөх нь дамжиггүй юм.

          Өнөөдөр банкны систем дэх зээлийн үлдэгдлийн багагүй хувийг гадаад валют эзэлдэг. Манайх шиг харьцангуй долларжсан улсын хувьд төгрөг чангарах нь банкны системийн хувьд чанаргүй (хэрэглээний) зээлийг багасгах сайн талтай.

           Мөн валютын хямралаас зайлсхийх, тогтворгүйн гурвалжин руу халтирахгүй байх тогтолцоог бүрдүүлэхэд байнга анхаарч байх шаардлагатай.
Валютын хэлбэлзэл ямар хугацаанд, хэр түвшинд хүрч байвал хаанаас ямар арга хэмжээ авахыг тодорхой болгох нь зүйтэй.

           УИХ, Засгийн газар, Монголбанкны чиг үүргийг нарийн зааглаж, иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагуудын хяналтын чиг үүргийг тодруулж өгөх нь зөв юм.
Валютын хэлбэлзлээс хамгаалсан даатгал (хеджинг)-ын зах зээлийг хувийн хэвшлийнхэн өөрсдөө бүрдүүлэх эрхзүйн орчныг тусгасан байх нь ирээдүйд ирэх эрсдэлийг дарамт багатай туулах урьдач нөхцөл болно.

           Капитал (мөнгө, санхүү) –ын урсгалд тавих хяналтыг сайжруулж, богино хугацаанд өндөр ашиг олох зорилгоор орж ирж буй мөнгөн хөрөнгө оруулалтыг бүртгэж, улмаар гэнэт гадагш их хэмжээний валют гарах тохиолдолд тодорхой хэмжээний татвар ногдуулах замаар далайцыг нь саармагжуулж байх нөхцөлийг бүрдүүлэх нь болзошгүй валютын довтолгооноос үүсэх эрсдэлийг бууруулах боломжтой.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан